NLP, Хиймэл оюун ухаан Монгол эх хэлний хөгжилд…

min read

1999 онд ЮНЕСКО жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын эх хэлний өдөр” хэмээн зарлажээ. Үүнээс хойш өдгөө дэлхийн олон улс оронд энэхүү тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

1952 онд Бангладеш улсын иргэд өөрсдийн эх хэл болох Бангла (Бэнгали хэл гэж ч нэрлэгддэг) хэлээ авч үлдэхийн төлөө тэмцэл өрнүүлж байсан бөгөөд Бангладеш улсад 2 сарын 21-ний өдрийг Эх хэлний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдгээс Олон Улсын эх хэлний өдөр үүсэлтэй аж.

ЮНЕСКО эх хэл дээр суурилсан боловсролыг бага наснаас нь олгож, сургалтын үндэс суурь болгох хэрэгтэй гэж үздэг. Олон улсын судалгаанаас үзэхэд дэлхий дээр яригдаж буй 6000 хэлний 43% нь устах эрсдэлтэй байна. Соёлын олон талт хэлбэрийг хадгалан үлдээхэд үндэстэн бүр эх хэлээр ярьдаг, ашигладаг байх нь хамгийн чухал юм.
“Олон улсын эх хэлний өдөр”-ийг улс орнуудын соёлын ялгаа, дэлхий дээрх бүх эх хэлийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Эх хэлийг хадгалах, баяжуулахад цахим орчин дахь хэлний хэрэглээ ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Гэвч Интернэт орчинд хамгийн түгээмэл ашиглагддаг 100 хүрэхгүй хэл байна. Монгол хэл нь бага нөөцтэй хэл буюу цөөн хүн хэрэглэдэг, бичгийн болон цахим орчин дахь хэрэглээ бага хэл юм. Энэ нь орчин үеийн технологи тэр дундаа Эх хэл боловсруулалт, Машин Сургалт, Машин Ойлгох зэрэг Хиймэл Оюуны технологийг хөгжүүлэхэд хангалттай өгөгдөл үүсээгүй хэлний төрөлд орно гэсэн үг. Цөөн хүн ам, боловсролын түвшин, буурай эдийн засаг зэрэг олон зүйлээс хамааран Монгол хэл дээрх цахим өгөгдөл маш бага үүсэж байна. Үүнээс шалтгаалан манай улс төдийгүй манайтай төстэй бага нөөцтэй хэлээр ярьдаг улс үндэстнүүд орчин үеийн технологийн хөгжлөөс хоцрох, дэлхийн эдийн засгийн өсөлтөөс өгөөж хүртэх боломж улам бүр багасаж байна.

Чимэгэ Системс компани энэхүү асуудлыг шийдэхээр 2019 онд байгуулагдаж Монгол хэлний дуу хоолойг бичвэр рүү, бичвэрийг дуу хоолойд хөрвүүлэх технологийг хөгжүүлж, зах зээлд танилцуулсан билээ. Цаашлаад эх хэл ойлгох, хэл хооронд хөрвүүлэх зэрэг хиймэл оюуны суурь технологиудыг хөгжүүлсээр байна.
Бидний хөгжүүлж буй технологийг ашиглан хойч үеийн залуус маань эх хэлээ цахим орчинд саагүй ашиглаж, дэлхийн технологийн хөгжлөөс хоцрохгүйгээр хэл соёлоо хадгалж үлдэнэ гэсэн итгэлтэйгээр бид ажиллаж байна.