Та эх хэлээрээ Машинаа эсвэл байшингаа удирдахыг хүсдэг үү? Заримдаа танд яарч байхад, хурдхан яриад биччих хэрэгцээ гардаггүй гэж үү? Та өөрийн асуудлаа зөвлөж, ярилцдаг, хувийн туслахтай болохыг хүсдэггүй гэж үү?
Тэгвэл энэ бүхний суурь нь хүний яриа таних систем юм. Үүнгүйгээр та дээрх зүйлсийн алиныг ч хүсэж мөрөөдөөд нэмэргүй. Тиймээс хүний яриа таних технологийг бүтээхгүйгээр дэвшилтэт технологиудыг жишээлбэл Монгол Робот, виртуал ажилтан, веб болон программыг дуу яриагаараа удирдах систем бүтээх ямар ч боломжгүй юм. Тэр утгаараа хэл яриа таних технологио бүтээсэн улс орнууд технологийн гол түгжээгээ мулталлаа хэмээн зарлах хэмжээнд хүрчээ.
Гэхдээ тус технологийг бүтээх нь тийм ч амар хялбар зүйл биш ээ. Өндөр хөгжилтэй улс орнууд жишээлбэл Америк аль 1950-аад оноос Англи хэл яриагаа таних системийг бүтээхийг зорьж эхэлсэн бол Монгол улс ч 1986 оноос Монэл компани байгуулагдах цагаас Монгол хэлээ таних системийг бүтээхийг зорьж өнөөг хүрчээ.
Өнөөдөр хэл яриаг таних технологи хараагүй болон сонсголгүй хүмүүст шинэ амьдрал бэлэглэж, өндөр настай хүмүүсийг технологид ойртуулж, өдөр тутмын нийгмийн амьдралд буцаан оруулахад дэм болж байна.
Хүн дунджаар минутад 150 үг ярьдаг бол дөнгөж 40 үгийг минутад шивдэг байна. Тиймээс дуут командууд үр ашгийг авчрах нь тодорхой бөгөөд гэхдээ хэлж буй үгийг бүрэн таньж байвал шүү дээ. Өөрөөр хэлбэл 96%-аас дээш болж байж л 10 үг тутамд алдахгүй таних магадлалтай болно.
Технологи бидний амьдралыг улам амар, тав тухтай сайхан болгож буй тул хүн бүр хэрэглэхээс өөр гарцгүй болж байна. Тиймээс бид тус технологид эх хэлээ хөгжүүлж, шигтгэхгүй бол аяндаа хэрэглээ нь танагдаж, тухайн технологид шийдэгдсэн хэлнүүдийг хүмүүс сурч эхэлдэг байна. Аливаа зүйл хэрэглээ үгүй бол уламжлал болж улмаар устаж үгүй болдог. Хэл яриа, бичиг үсэг ч ялгаагүй юм. Хүүхдүүд өөрийн эрхгүй гадаад хэлээр хэлд орж эхэлж байна. Энэ бүхнийг бид зүгээр хараад суух ёстой гэж үү? Үгүй ээ, бид чадлынхаа хэрээр эх хэл, соёл иргэншлээ авч үлдэх ёстой. Дэлхий олон өнгөтэй төрхтэй, сайхан газар байх ёстой.
Өнөөдөр дэлхий дахинд тус технологи бүрэн шийдэгдээгүй байгаа бөгөөд, дөнгөж шинээр үүсэж, тэлж буй цоо шинэ зах зээл юм.